Би зарим хүмүүсийг ерөөсөө ойлгохгүй юм аа. Ойлгохгүй ч гэж дээ харин ч ойлгоод байдаг ч юм бол уу? Хүнд итгэж чаддаггүй хүмүүсийг л би их гайхаад байгаа юм л даа.
Харилцааны үндэс нь итгэлцэл гэж би боддын уг нь. Ер нь л яаж ч бодсон итгэлийг өгч чадаж байж л бусдын итгэл, хүндэтгэлийг олж авдаг зарчим хүмүүсийн хоорондын харилцаанд хамгийн чухал байрыг эзэлдэг. Энэ нь мөнгөө өгч байж бараа авдагтай яг ижил зарчимтай. Гэтэл хүмүүс хүнд итгэхээсээ итгэхгүй нь илүү байх юм аа. Мөнгөө өгөхгүй бол бараагаа авахгүй шүү дээ.
За яахав дээ жижигхээн жишээ хэлэхэд манай ажлын нэг эгч хүмүүст ер итгэхгүй. Мөнгө зээлүүлэхгүй, ер нь юу ч зээлүүлэхгүй, хүнд туслахгүй нь их, юм гуйсан хүнд аль болох муухай зан гаргана, хүнтэй харилцахдаа намайг муугаар бодчих вий гэж бодож маш олон тайлбар хийнэ, тайлбараа дахин тайлбарлана. Хүмүүсийг юу ч хийж чаддаггүй гэж дүгнэнэ, байнга бусдыг муугаар хэлж, хүний алдаа болгоныг алдахгүй мэдэж, түүнийгээ бусдад дуулгаж явахыг хичээнэ. Үг дуу багатай, өөрөөс нь насаар дүү нэгнийг нь өөрийгөө өмөөрч чадахгүй гэж бодоод аль болох дээрэлхэж, ашиглах гэж оролдож, тэднийг аль болох загнаж харьцана.
Би яахав хэл амтай, хэрцгий авиртай юм болохоороо өмнөөс нь гөжиж, зөрж, хэдэрлэж суугаад, хэд хэрэлдээд сүүлдээ учраа ололцохчаа аядсан. Гэвч юм юман дээр л хүнд итгэхгүй байдал нь байнга ажиглагдана. Юмсыг хийхэд чи чадах уу? гэсэн байдлаар надтай харьцаж, мэддэг юм аа хэлж өгөхийн өмнө эгч нь чамд маш их тус болж байна, дараагийн удаа чи надад энэнээс их туслах ёстой гэсэн ойлголт төрүүлэхийн тулд маш олон зүйлийг нуршин ярих нь элбэг. Аль болох ихийг авч, аль болох багыг гаргахын тулд ихийг авахаасаа ч илүү хүч гаргаж байгаа нь бахархалтай ч юм шиг, бүр хэтэрхий арчаагүй ч юм шиг санагдана. Амьдралыг яг л наймаа хийж байгаа юм шиг байдлаар төсөөлдөг шиг байгаа юм.
Харин би амьдралыг наймаа гэж бодохоосоо илүү итгэлцэл гэж ойлгодог. Бүх хүн сайн хүн гэж би итгэдэг ээ яадын. Хүмүүс муу зүйл хийж чадна гэдгийг нь ч тооцоолдог. Хүнд муу, сайн талууд байдаг л байх. Муу тал дээр нь итгэл өгөхгүй, сайн тал дээр нь итгэл өгөөд байхад ер нь амьдрал илүү амар болдог шиг санагддаг.
Харин тэр эгчийн тухай. Тэр эгч лав муу юм бодсоор байгаад ажлаа сайн ч хийж чаддаггүй байх аа. Тэдний тэр хүний үеийн хүмүүс ер нь л давгүй ажил хийгээд мануустай нь тулхтай харьцаж байхад тэр эгч, бас хэдэн найзтайгаа л доошоо орж мануусыг дарамталж, дээшээ долгинох байдлаар харьцана. Ажилдаа нэг их гавьсан амжилтгүй ч чаддаг жоохон юм аа тэнгэрт тултал магтана. Тэрүүгээрээ хүмүүсийг хуурч чадаж байна гэж өөртөө итгэнэ.
Бас нэг сайн эр байна аа. Олон хүнээс мөнгө зээлсэн. Өгсөн нь ховор гэдэг юм билээ. Надаас зээлсэнээ нэг удаа өгч байсан ч 2 удаад нь харин өгөөгүй байх жишээтэй. Гэхдээ хүмүүстэй их инээж харилцана. Хүнээс юм гуйхдаа их тулгаж харьцана. Жоохон байж бай, би удахгүй очьё гэвэл чи голорчихно оо, яг одоо л ингээд өг гэж тулгана. Чадахгүй гэвэл юун сүртэй юм, ганц удаа тусалчих гэж зандарч үзнэ. Хүмүүс бүгд түүнийг муугаар ярина. Яагаад ч юм тийм хүн юунд ч юм найдаад инээгээд л явж байдаг. Хуурамч инээд байх гэж надад бодогддог юм.
Гэхдээ би тэдэнд итгэх үедээ итгэдэг юм аа. Учир нь хүнийг муугаар бодох тусам тэр хүн улам муу юм шиг санагддаг, харин хүнийг муугаар хэлэх тусам хэлүүлсэн хүн илүү муу зан гаргадаг. Хүн гэдэг тийм л амьтан. Муу сурдаг хүүхдийг загнаж онц сургасан удаа маш цөөхөн. Хулгайч хүнийг шоронд хийгээд зассан нь ч тоотойхон биз ээ. Гэхдээ угаас хүнд итгэдэггүй хүнд өөрт нь итгэх хэцүү байдаг ч, тийм хүнд хүртэл итгэх хэрэгтэй үе гарах л юм даа. Итгэхгүй бол нөгөө хүмүүс чинь муу дээрээ муухайраад, муухай дээрээ улцаганаад л явчина шүү дээ. Тэгвэл надад ч, бусад хүмүүст ч хэцүү. Тэгэхээр итгэж болох, болохгүй хүмүүсийн талаар сайн бодох хэрэгтэй юм аа. Сайн бодоод байхаар сүүлдээ хүн таньдаг чадвартай болох биз.





Сэтгэгдэлүүд:
Наймаалтцсан Итгэлцэл байх
Итгэлцэлийг наймаалцаж болох уу
Наймаалтсахдаа Итгэцэж болох уу
Энэ Гачин амидарлийг
/тэхээр би чамд итгэдэг гэсэн vг vv?/ :р
Харин мөнгөний асуудал дээр хүнд итгэх хэцүү, аль болох зээлүүлэхгүйг бас өөрөө зээлэхгүйг боддог.
Сэтгэгдэл үлдээх: