Дэл-хийн хий- дэл

Уудам дэлхийн өргөн зайнд хүн хэмээгч хачиг шавж, энд тэндгүй цусыг нь сорж, эх гаригаа зовоож тарчлаана. Бөөсөө дийлэхээ байсан нохой шиг тэр дэлхий бүүдийж, өнгө алдан бүрзийж, хий дэмий л биеээ хаа нэг сэгсчинэ. Зарим нэг бактерийг хэт олшрохоос нь сэргийлэх үүрэгтэй араатнууд гэгдэх дархлааны эсүүд нь хүн хэмээгч мутант эсүүдийг дийлэхээ нэгэнт байж бүр зугтах болсон нь улам хэцүү санагдана. Урьд тэр дэлхий Будда бурхан шиг гэрлэн сайхан бүрхүүлтэй байсан ч озоны бүрхүүлээс нь эхлэн өнөөх бөөснүүд нь цоолоод эхэлчихсэн. Энэ биен дээр нь өөрсдийн хуулийг тогтоож, хөгийн тэр хуулийнхаа дагуу хөгшин биеийг нь ухаж сэндийлж өвтгөнө. Хэт олширсон тэр хачигнуудаа дийлэхээ байсан дэлхий хэзээ ч юм бэ нэг сайн галав юүлж restart хийхгүй бол болохоо байснаа мэдэвч, зовж зүдэрч байж бүтээсэн төгс сайхан тогтоц юугаан харамланхан санаа алдан суугаа.

Олон олон гаригсаас онцолж түүнд л заяасан амьдрал хэмээгч гайхамшгийг өөрийн гараа үгүй хийж ч үл чадан урвайж. Их л хайрлан байгаа бүтээлийг нь нурааж, үнс нурам, хуурай цөл болгож,  цус болсон цэвэр усыг нь цөлмөж, арьс болсон гадаргыг нь нүхэлж, цоолж, үс болсон моддыг нь тайрч, элгийг нь эмтэлж, зүрхийг нь зүсч байгаа хүмүүн хэмээгч вируст гомдон хааяа нэг нулимс унагах нь хөөрхийлөлтэй.

Тэдгээр муухай вирусууд хар, шар, улаан, цагаан өнгөтэй ч адилхан л нэгэн зүйл, омгийн амьтад атлаа өөр өнгөтэй нэгийгээ гадуурхаж, өвөр хоорондоо дайтах нь лайтай. Хэдхэн жилийн тэртээд хоорондоо муудалцан биеийнх нь нэг хэсэгт атомын бөмбөг хэмээгч хэцүү зүйлийг дэлбэлж ёолж орилтол нь зовоосон. Одоо түүнийгээ энд тэндгүй туршин тамласаар хамуутай гөлөг шиг амьтан болгож байгаа нь харамсалтай.

Уг нь миний биеээс тасарсан үрс минь юм сан. Эврээ ургахаар эхийгээ мөргөх ишигнээс дор, эргэлзэлгүй ээжийгээ иддэг үр могой адил биенээс нь тасарсан биес, амьнаас нь тасарсан амьдралуудад гомдох тэр дэлхий юутай өрөвдөлтэй.

Хэлье гэвч хэлийг нь ойлгохгүй хаа нэг дохио өгөхөөс цаашгүй. Хэлж чаддагсан бол ингэж хэлэх байсан байх даа.

Хүн чи эхийгээ хайрлах атлаа эмээгээ тамлагч тэнэг буюу. Дээдсийгээ хүндлэх атлаа төрхмөө бузарлагч маанаг буюу. Удмаараа гайхуулах атлаа уг үндсээ тасдагч мэдрэл муут буюу. Усанд дурлагч атлаа ундрагыг нь сүйдлэгч ухаан муут буюу. Өөр хоорондоо ялгаагүй атлаа өнгөнөөсөө болж муудалцагч арчаагүй буюу. Өөрөө л болж байвал бусад нь чамд хамаагүй аминчхан буюу. Хүн чи хэлдэг хараалаасаа долоон дор хөгийн муу бөөс буюу. Хөөрхий намайг зовоохдоо хөлс гарсан чинээ тоогоогүй төрлөө залгигч төмөр зүрхт хамгийн арчаагүй муу тахал буюу. Хуулинд чинь хийдэл гардагтай адил, хэдэн тэрбум насны миньтүүхэнд гарсан хамгийн том алдаа чи бөлгөө.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Ууудам | 2009-07-17 14:28:39
Ха ха.
2. Арима | 2009-07-17 14:51:49
күй нээрээ...
3. Жиргээ | 2009-08-09 06:21:25
sain bainuu, amarchiigaamuu, za sxan amraarai.
4. Ordi | 2009-08-09 17:10:16
юу байна даа Тү

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog